|

Монгол ба БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 20 жилийн ой энэ жил тохиож байна. Энэ бол хоёр орны бүх салбарын эрдэмтэд, сургууль соёл, албан газруудын хамтын ажиллагааны 20 жил юм. Хоёр тал олон сайхан ажил хийж буйг бахархан тэмдэглэмээр байна. Түүний гол бөгөөд эрдэм номын түүхэнд тэмдэглэгдэн үлдэх нэг ажил нь Солонгосын Монгол судлалын нийгэмлэгийн ерөнхийлөгч И Сөнгюү профессор, Монголын Солонгос судлалын нийгэмлэгийн ерөнхийлөгч Б.Сумъяабаатар профессор, УБДС-ийн Ерөнхий захирал Чой Гихо профессор нарын санаачлан зохион байгуулж байгаа энэхүү Монгол Солонгосын эрдэмтдийн Олон Улсын хурал юм.
 
Эзэн Чингисийнхээ Их Өчигт дурдсанаар "Наран ургах зүгийн Цагаан Солонгос"-оос ирсэн солонгос эрдэмтэн мэргэд, Монголын солонгосч эрдэмтдийн морилон саатсан "МОНГОЛ СОЛОНГОСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ӨНӨӨ БА ИРЭЭДҮЙ " нэрт Олон улсын эрдэм шинжилгээний хурлыг нээж Монголын Солонгос судлалын нийгэмлэгийн ерөнхийлөгч, УБДС-ийн Их Сурхуй хүрээлэнгийн захирал Б.Сумъяабаатар профессор үг хэллээ.
Тэрээр хэлэхдээ :
"Монголын Солонгос судлал 13-р зуунаас эхтэй. Дундад зууны Монголын Солонгос судлал, Солонгосын (Гуулин улсын) түүх соёл, хэл яриа, бичиг үсэг, улстөр, эдийн засаг, газар тариалан, өмч хөрөнгө, одон зурхай, цэргийн ухаан зэрэг маш өргөн хүрээг хамарч байлаа.
Монгол оюутан Солонгост очиж суралцсаны 791 жилийн ой мөн энэ жил тохиож байна. 1219 онд монгол жанжин 41 хүнд "Та нар Корйө хэлнээ суралцаж бай" гэсэн захиа үг сургаж үлдээсэн түүхэн тэмдэглэл солонгос сурвалжид бий. Энэ бол монгол ба солонгосын соёлын түүхийн алтан хуудас яриагүй мөн.
Өнөөдөр, монгол солонгосын эрдэмтдийн номын чуулга болох гэж байна. Миний бодлоор бол, дэвэн дэлхийн түмэн гайхамшгийн дээд нь Эрдэмтдийн Чуулга. Мандах төрийн эзэд дэргэдээ эрдэмтдийн чуулгатай, үгийг нь сонсдог, оюундаа шингээдэг, тунгаадаг, дагадаг байсан , тэр нь бадрал цэцэглэлтийнх нь бат суурь болдог байсан гэдэг.
Монгол хаад, төрийн зүтгэлтэн нар хоёр орны найрамдалт харилцааг туйлаас эрхэмлэдэг байжээ. Чингисийн үед Монгол-Солонгосын харилцаа сайн байсан. Домгоор бол, Монгол нь солонгосын хүргэн улс (Хулан хатны домог), түүхээр бол монгол нь солонгосын хадам улс, нөгөө талаасаа солонгос ч монголын хүргэн улс. Хубилай хааны охин Хотолгэрмиши 1274 онд бэр болсон. Мөн, Хубилай хааны ач хүү Гамала-гийн охин Солонгос вангийн хатан байсан. Энэ хатан МОНГОЛ БИЧИГ САЙН МЭДДЭГ байсан. Монголоор захиа бичиж эх нутагтаа илгээж байсан тухай солонгос түүхийн сурвалжид тэмдэглэсэн байдаг. Найман зууны тэртээ ч гэсэн ийм л соёлтой бүсгүйчүүдтэй байжээ, монгол маань. Мөн, Монгол эмэгтэй гадаадад элч болж очиж байсны 790 жилийн ой 2011 онд болно. Энэ бол дэлхийн дипломатын түүхнээ бичигдэх зүйл гэж бодож байна.
Монгол улс солонгосоос бэх, бийр, бичгийн цаас зэрэг бичгийн хэрэгсэл авахаар Жуу бичиг илгээж байсны 790 жилийн ой 2011 онд болно. Гурван голын буюу Чингисийн монголчууд бичиг үсэггүй, харанхуй бүдүүлэг байсан гэсэн зарим эрдэмтний саналыг үгүйсгэх бодит баримт болно. Алдарт "МОНГОЛЫН НУУЦ ТОВЧОО"-г манай толь бичгүүдэд байдаг Солхо цаас (SoleeO Cegesoa ) буюу солонгос цаасан дээр бичсэн байж магадгүй гэсэн саналыг миний бие дэвшүүлдэг. Монгол солонгосын археологчид цаасны хоёр ч үйлдвэрийн ором буурийг монгол нутгаасаа олоод байгааг энд дурдалгүй өнгөрч боломгүй юм " хэмээсэн бахдам сайхан нээлтийн үгээр хурлыг эхлүүллээ.
 
Хуралд Монгол солонгосын нийт 50 гаруй эрдэмтэн судлаачид оролцож хоёр улсын соёл урлаг, нийгмийн ухаан, хүмүүнлэгийн салбарыг хамарсан өргөн цар хүрээтэй сонирхолтой судалгааны ажлуудаар илтгэл тавьсан ба хурлын төгсгөлд салбар бүрийн даргаар ахлуулсан хэлэлцүүлэг хийснээр хурал өндөрлөлөө.
 

|