Оюутны хичээл сонголтын журам

Захирлын 2013 оны 10 дугаар сарын

04 өдрийн 132 тоот тушаалаар батлав

 

Улаанбаатар их Сургуулийн оюутны хичээл сонголтын журам

 

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Сургалтын кредит тогтолцооны үед оюутан элссэн мэргэжлээрээ суралцах хувийн төлөвлөгөөг боловсруулан суралцах хугацаагаа төлөвлөх, түүнийг хэрэгжүүлэхийн тулд улирал бүр судлах хичээлүүдээ өөрөө сонгож суралцах ёстой байдаг. Иймд оюутан тухайн улиралд судлах хичээлүүдээ сонгоход үедээ УБИС –д мөрдөж байгаа кредит тогтолцооны үндсэн зарчим болон энэхүү журмыг мөрдөнө.

 

         Хоёр. Оюутны хичээл сонголт

2.1. Оюутан улирал бүр судлах хичээлүүдээ сонгож суралцана.

2.2.  Хичээл сонголтыг

  • Хичээл сонголт 1
  • Хичээл сонголт 2

         гэсэн хоёр үе шаттай хийнэ.

 

2.3. Хичээл сонголт 1

2.3.1. Оюутан суралцах нийт хугацааны төлөвлөгөөнийхөө дагуу дараагийн улиралд судлахаар төлөвлөсөн хичээлүүдийн захиалгыг сургуульд өгөх ажиллагааг “Хичээл сонголт 1” гэнэ.

Тайлбар: шинээр элссэн оюутнуудын хувьд эхний улиралд судлах хичээлийг нь мэргэжлийн тэнхимээс тогтоож өгнө.

2.3.2. Сургуулийн сургалтын үйл ажиллагааны нэгдсэн хуваарьт заасан хугацаанд багтааж сонголтыг хийнэ.

2.3.3. Доор 2.3.4 -д бичсэний дагуу судлах хичээлүүдээ сонгож авсны дараа Интернетийн http://info.ubu.mn хаягтай сайтад өөрийн код болон нууц үг (password) -ээр орж “хичээл сонголт” гэсэн үйлдлээр дамжин УБИС –ийн мэдээллийн системд сонголтоо оруулна.

2.3.4. Судлах хичээлийг сонгохдоо:

нэгдүгээрт: Мэргэжлийн сургалтын төлөвлөгөөний дагуу, “өмнөх холбоо” хичээлийг нь судалчихсан байгаа хичээлүүдээс тухайн (намар буюу хавар) улиралд заахаар төлөвлөсөн заавал судлах болон сонгож судлах хичээлүүдээс сонгоно.

хоёрдугаарт: Урьд нь сонгож судалж байсан боловч

  • хангалтгүй дүн (F) авсан
  • улирлын дундуур хаяж орхисон” гэсэн (W) тэмдэглэгээ тавиулсан
  • тодорхой (мэдлэгээ дахин сэргээх, өмнө авсан дүнгээ ахиулах г.м.) шалтгаанаар өөрөө дахин судлахыг хүсч, СА –нд хандан (R) тэмдэглэгээ хийлгэсэн

хичээлүүдээс тухайн улиралд заагдахаар байвал сонгож болно.

гуравдугаарт: Дээрх хоёр сонголтын нийлбэр кредит нь 18 –д хүрээгүй байвал сургуулийн хэмжээнд энэ улиралд заах хичээлүүдээс өөрийн сонирхлоор нэмж сонгож болно.

2.4. Оюутнууд Хичээл сонголт 1 –ийг хийсний дараа тодорхой хичээлийг 15 –аас олон оюутан сонгосон байвал (анги дүүрсэн гэж ярина) уг хичээлийг тухайн улиралд заахаар шийдвэрлэнэ (анги дүүрээгүй хичээлийг заах эсэхийг мэргэжлийн онцлогоос хамааран Сургуулийн захиргаа шийдвэрлэнэ).

2.5. Улиралд заагдах хичээлүүд тодорхой болсон үед тэдгээрийг заах багш, хичээллэх анги танхим болон цагийг хуваарилсан “Хичээлийн ерөнхий хуваарийг” зохиож гаргана.

 

2.6. Хичээл сонголт 2

2.6.1. Оюутан сонголт 1 –ээр хийсэн сонголтоо баталгаажуулж, судлах хичээлүүдийнхээ багшийг сонгох ажиллагааг “Хичээл сонголт 2” гэнэ.

2.6.2. Сонголт 1 –ээр хийсэн өөрийн захиалга болон хичээлийн ерөнхий хуваарийг ашиглан Сонголт 2 –ыг улирлын эхний 2 долоон хоногт багтааж оюутан бүр өөрөө хийнэ.

2.6.3. Доор 2.6.4 -д бичсэний дагуу улиралд судлах хичээлүүдээ эцэслэн шийдсэний дараа Интернетийн http://info.ubu.mn хаягтай сайтад өөрийн код болон нууц үгээр орж “хичээл сонголт” гэсэн үйлдлээр дамжин сургуулийн мэдээллийн системд сонголтоо оруулна.

 

Тайлбар: Сургалтын төлбөрөө төлсөн байгаа оюутны хувьд зөвхөн Сонголт 2 –ыг системд оруулах эрх нээгддэг учир төлбөрөө урьдчилан хийсэн байх шаардлагатай.

2.6.4. Сонголтыг хийхдээ:

нэгдүгээрт: өөрийн чинь захиалсан ямар нэг хичээл хичээлийн ерөнхий хуваарьт ороогүй байвал түүнийг сонголтоос хасна

хоёрдугаарт: хичээлийн ерөнхий хуваарьт орсон хичээлүүдээс нөхөж, шинэ хичээлийг нэмж болно

гуравдугаарт: өмнө захиалсан хичээлээ хуваарьт орсон байгаа өөр хичээлээр сольж болно

Тайлбар: сонгосон хичээлүүдийн нийт кредит нь 13 –аас багагүй бөгөөд 18 –аас ихгүй байхаар сонгоно (төгсөгч оюутны хувьд нийт кредит 13 –д хүрэхгүй байж болно).

дөрөвдүгээрт: сонгосон хичээлийг тань зааж байгаа багш нараас багшаа сонгож, өөрийн хичээллэх хуваарийг зохиож авна.

2.7.  Сонголт 2 –ыг хийх хугацаа дууснаас хойш оюутны оруулсан сонголтод аливаа өөрчлөлт хийхгүй.

2.8. Хичээл сонголт 2 –оор хийсэн сонголт нь оюутан бүрийн хувьд тэр улирлын сонголт болж батлагдах бөгөөд тэр хичээлүүдээ оюутан судалж, мэдлэгээ дүгнүүлэх ёстой.

 

           Гурав. Оюутны хичээлийн хуваарь

3.1. Тухайн улиралд заах хичээлүүд, хичээл бүрийн кредитийн задаргаа, хичээл заах багш болон хичээллэх өдөр, цагийг хуваарилж багтаасан хичээлийн ерөнхий хуваарийг үндэслэн оюутан бүр өөрийн хичээллэх хуваарийг хийнэ.

3.2. Сонгосон хичээл бүрийн кредитийн задаргааг үндэслэн танхимд хичээллэх цагийг хуваарьтаа гүйцэд багтаасан байх ёстойг анхаарна.

3.3.  Хичээлийн хуваариа Зөвлөх багшаар хянуулж хуваарийн нэг хувийг Зөвлөх багшид өгнө.


 

Сүүлийн 5 мэдээ
Сүүлийн 5 зарлал