Оюутан солилцоо

Олон Улсын Улаанбаатарын Их сургууль ба хамтын ажиллагааны гэрээтэй гадаадын их, дээд сургуулийн хооронд “Оюутан харилцан солилцож сургах” гэрээгээр суралцуулахтай холбоотой асуудлыг энэхүү журмаар зохицуулна.

Олон Улсын Улаанбаатарын их сургуультай байгуулсан гэрээг үндэслэн, солилцоогоор явах оюутан бүрийн сурах хугацаа, судлах хичээлийн агуулга хэмжээ болон буцаж ирэх хичээлийн жил, улирлыг ерөнхий захирлын тушаалаар баталгаажуулна. Оюутан уг тушаалын заалтуудыг ёсчлон биелүүлэх үүрэгтэй байна.

Оюутан өөрийгөө илүү хөгжүүлэх зорилгоор оюутан солилцооны хөтөлбөрт хамрагдаж, хэлний бэлтгэл хийх, мэргэжлийн зарим хичээлийг гүнзгийрүүлэн судлаж болно.

Оюутныг сонгон шалгаруулах

Оюутан солилцоогоор явж суралцах оюутныг сонгох, явуулах ажлыг гадаад харилцаа болон оюутны алба хариуцан зохион байгуулна.

Мэргэжлийн тэнхимээс сурлага, сахилга бат, нийгмийн идэвхээр нь шалгаруулан тодорхойлж ирүүлсэн оюутныг сонгон шалгаруултад оруулна.

Оюутныг Гадаад харилцааны албаны дарга, Оюутны албаны дарга, Сургалтын албаны дарга нараас бүрдсэн комисс сонгон шалгаруулна.

Оюутанд тавих шаардлага

Мэргэжлийн тэнхимээс сурлага, сахилга бат, нийгмийн идэвхээрээ шалгарч, тодорхойлолт авсан байна.

Оюутан солилцоогоор суралцах хугацаа 6 сар (хичээлийн нэг улирал) буюу нэг жил (хичээлийн хоёр улирал) байна.

Мэргэжлийн хичээл судлах зорилготой оюутан нь очих сургуульдаа  заагддаг хичээлүүдээс өөрийн мэргэжлийн сургалтын төлөвлөгөөний дагуу тохирох хичээлүүдийг сонгоно.

Ижил хичээл байхгүй бол дүнг дүйцүүлэн тооцож болох хичээлүүдийг мэргэжлийн тэнхимтэй зөвшилцөн суралцах төлөвлөгөөг гаргана.

Суралцах төлөвлөгөөний нэг хувийг Сургалтын албаар батлуулан, хувийн хэрэгтээ хадгалуулна.

Оюутан солилцоогоор суралцах оюутан нь тухайн улсад суралцах хугацаанд сургалтын төлбөр, зарим тохиолдолд дотуур байрны төлбөр зэргээс бусад зардлыг /унаа, ном, сурах бичиг, амьжиргааны зардал/ өөрөө хариуцна.

Оюутан нь тухайн хичээлийн жилийн сургалтын төлбөрийн өргүй байх ба улирлаар суралцах бол тухайн улирлын, жилээр бол тухайн жилийн сургалтын төлбөрийг ОУУБИС-д төлнө.

ОУУБИС-ийн Оюутны албатай “оюутан солилцооны гэрээ” байгуулсан байна.

Солонгос улсад мэргэжлээрээ суралцах оюутнууд Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын 3-р шатанд тэнцсэн байх ба голч дүн 3.0-аас дээш байна.

Оюутны гэр бүлийн гишүүд болон оюутан өөрөө өмнө нь гаргасан визийн ямар нэг зөрчилгүй байна.                                                                                               

Солилцоогоор сурах хугацаа дуусмагц заавал хичээлийн (жилийн) улирлын эхэнд буцан ирж ОУУБИС-д үргэлжлүүлэн суралцана.

Буцаж ирэхдээ тухайн сургуульд судалсан хичээлүүдийнхээ кредит, үнэлгээ дүнг баталгаажуулсан албан бичгийг ирүүлж, Сургалтын албатай тооцоо хийнэ.

Бусад

Оюутан солилцоогоор явах оюутан нь гадаад улсын виз гаргуулах асуудлыг өөрөө хариуцах ба бичиг баримтын зөрчлөөс болж виз гараагүй тохиолдолд сургууль хариуцахгүй.

Оюутан суралцах хугацаандаа өөрийн буруугаас болж ямар нэгэн зөрчил гаргаж шийтгүүлэх, гэмтэж осолдох тохиолдолд сургууль хариуцахгүй.

Зөрчил гаргасан солилцооны оюутныг хоёр сургуулийн шийдвэрийн дагуу буцаах арга хэмжээ авах боломжтой. 

Шалгаруулалтад орох оюутан  доорх материалыг бүрдүүлнэ. Үүнд:

  • Бүртгэлийн анкет, цээж зураг
  • Товч намтар, танилцуулга
  • Дүнгийн тодорхойлолт
  • Тэнхимийн тодорхойлолт
  • Гадаад паспорт