Бизнес сургалт судалгааны төв

Олон Улсын Улаанбаатарын Их Сургууль болон Солонгос улсын Нисэхийн их сургуулийн хооронд багш нарын багшлах ур чадварыг дээшлүүлэх, нийгэм - эдийн засаг - удирдлагын өргөн хүрээнд судалгаа, шинжилгээний ажлыг гүнзгийрүүлэн хийх, оюутны мэдлэг, чадварыг олон улсын жишигт ойртуулах зорилгоор 2001 оны 8 дугаар сарын 31-ний өдөр хамтран ажиллах гэрээ байгуулсны үндсэн дээр Бизнес сургалт, судалгаа, шинжилгээний төвийн (БССШТ) үндсийг тавьж, 2002 оны 10 дугаар сард Монгол-Солонгосын Бизнес судлалын төв нэртэйгээр Улаанбаатар их сургуулийнБизнес удирдлагын тэнхимийн дэргэд байгуулсан байна. Төвийн анхны эрхлэгчээр эдийн засгийн ухааны доктор, профессор М. Хасбаатар ажиллаж байв.

Нийгэм, эдийн засгийн хөгжлийн цар хүрээ нэмэгдэн, мэдээллийн технологи хурдацтай хөгжиж буй XXI зууны оюутан, эрдэмтэн багш нарын дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэн шинжлэх ухааны өргөн мэдлэгийг хүртэх хүсэл, эрмэлзэлтэй уялдан тус төвийн зорилго, үйл ажиллагааны хамрах хүрээ ч улам өргөжиж, төвийн техникийн болон материаллаг бааз хэмжсэний үндсэн дээр 2011 оноос Бизнес сургалт, судалгаа, шинжилгээний төв нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж, тус төвийн даргаар эдийн засгийн ухааны доктор Ю.

Туул ажиллаж байна. Тус төвийн эрхэм зорилго нь : Сургалт, боловсролд суурилсан шинэ зууны шилдэг эрдэмтдийг бэлтгэх, судалгаа, шинжилгээний ажлыг сургалт, практиктай хослуулан, улмаар судлаач, профессор багш нарын судалгаа, шинжилгээний ажлын арга зүйн чадавхи, бүтээлийн чанарыг дээшлүүлж, тус төвийн нэр хүндийг Монгол улсын болон олон улсын түвшинд таниулахад оршино.

Тус төв нь нийгэм, эдийн засаг, удирдлагын чиглэлийн номын баялаг сан бүхий танхимтай бөгөөд монгол улсын нийгэм, эдийн засгийн талаархи статистикийн мэдээллийн цахим санг байгуулж, интернетийн орчинд ажиллах орчин үеийн техник, хэрэгслээр хангагдсан.

Мөн статистик мэдээллийн цахим санг сүүлийн 10 жилийн мэдээллээр шинээр байгуулсан. Жил бүр оюутан, багш нарын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж, шалгаруулан, шалгарсан илтгэл, судалгааны ажлыг сургуулийн эрдэм шинжилгээний сэтгүүл хэвлүүлдэг.

Мөн БНСУ - ын Нисэхийн их сургууль, Сүн Чон Ханын их сургуультай хамтран жил бүрийн 7 - 8 дугаар сард эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулан явуулдаг уламжлалтай.